/ Бидний тухай / Хөгжлийн хөтөлбөр / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР


Засгийн газрын 2014 оны 79 дүгээр
                                                                               тогтоолын хавсралт

 

 1. Нийтлэг үндэслэл

        “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолд Монгол хүнийг аюулгүй амьдрах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах, хууль сахиулах байгууллагын албан хаагчид тавих ёс зүй, мэргэжлийн чадвар, хариуцлага, хууль сахин биелүүлэх шаардлагыг өндөржүүлж, эрх зүй, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр заасан.


      “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цагдаагийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг орон нутгийн эрх мэдлийн түвшинд зохион байгуулах, төрийн байгууллага, албан хаагчийн эрх, үүргийг боловсронгуй болгож иргэддээ үйлчилдэг ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэх, “Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т харьяа агентлагийн эрх зүйн шинэтгэлийн талаархи бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах гол зорилтуудыг дэвшүүлсэн байна.

     Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталснаар хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүргийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн, хууль сахиулах албаны шинэчлэлийн эхлэлийг тавьсан.

    Гадаадын зарим улсын тэргүүлэх судлаач, шинжээчид Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэргэжлийн болон технологийн шинэчлэлийг хийх нь цагдаагийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ гэж дүгнэж, олон улсын, өргөн цар хүрээтэй, урт хугацааны хамтын ажиллагаанд тулгуурласан шинэтгэл (реформ) хийх замаар цагдаагийн ажлыг мэргэжлийн түвшинд хүргэж, ард иргэдийн итгэлийг эргэн олж авах болон зөвлөлт маягийн цагдаагийн арга барилаас орчин үеийн цагдаагийн загварт шилжихэд Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн төв байгууллага болон олон улсын холбогдох байгууллагуудын байнгын анхаарал, идэвхтэй оролцоо шаардлагатай хэмээн зөвлөсөн.

       Судалгаагаар цагдаагийн байгууллага нь хүнд сурталтай, цагдаагийн ажилтнууд дээрэнгүй, харьцааны соёлгүй, мэдлэг, мэргэжлийн ур чадваргүй, иргэдтэй тэгш бус харилцдаг, цагдаагийн удирдлагаас албан   хаагчдын  ажил  үүргийн  хараат бус байдалд нөлөөлдөг, танил тал, мөнгөтэй хүнд үйлчилдэг  гэж олон нийт дүгнэсэн байна.
          
      Нөгөө талаар иргэдээс цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дорд үзэх, гүтгэх, доромжлох нь ердийн үзэгдэл болсон, түүнчлэн алба хаагчдын ажлын цаг ихэнхдээ тодорхой бус, гэр бүлдээ анхаарал тавих цаг гардаггүй зэргээс шалтгаалж алба хаагчид бухимдах, цочрол (стресс)-д орж улмаар иргэдтэй зүй бусаар харьцах байдал гаргадаг болох нь тогтоогдсон байна.

   Цагдаагийн байгууллагаас үзүүлж байгаа ажил үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг судлахад  70 орчим хувь нь дунд буюу түүнээс доош үнэлгээ өгч, харин алба хаагчдын харилцааны соёлын тухайд 50 хувь нь хангалтгүй үнэлгээ өгсөн байна.

     Цагдаагийн албаны тухай хууль батлагдан гарч уг хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон, үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам батлагдаж, байгууллага, алба хаагчийн ажил үүргийн технологи боловсронгуй болох эхлэл тавигдсан, цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх хүсэл эрмэлзлэл төр, иргэд, олон нийт, алба хаагчдын хүрээнд бий болсон, байгууллагын үйл ажиллагааны технологийг хөгжүүлэх, техник хэрэгслийн хангамжийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах ажилд гадны байгууллагын дэмжлэг авах зэрэг боломж, давуу тал бүрдсэн байна.

    Байгууллагын дотоод, гадаад соёл төлөвшөөгүй, байгууллагын үнэт зүйлийг бий болгож чадаагүй, боловсон хүчнийг сонгон шалгаруулж авах тогтолцоо шинэчлэгдээгүй, менежерийн сонголт учир дутагдалтай бөгөөд удирдах ажилтан бэлтгэх тогтолцоо бий болоогүй, алба хаагчдын гадаад хэлний мэдлэг хангалтгүй, шинэ мэдээлэл олж авах арга барилд суралцаагүй, багаар хамтран ажиллах чадвар муутай, боловсон хүчний дунд өвчлөл их, алба хаагчдыг цол, албан тушаалын байдлаар ялгаварлан гадуурхах хандлага бий болсон, төсөв хомсдолтой, төсвийн зарцуулалт оновчтой биш зэрэг бэрхшээл, сул тал байсаар байна.

       Иймд дээрх хүчин зүйлүүд нь цагдаагийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилтыг тодорхойлсон үндсэн баримт бичиг болох “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан гаргах үндэслэлийг бий болгож байна.

 

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим

     2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

     2.1.1. хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

     2.1.2. ил тод, нээлттэй байх;

     2.1.3. нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж иргэний дэмжлэгийг авах;

     2.1.4. төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах;

     2.1.5. шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах,                           нэгдмэл  төвлөрсөн удирдлагатай байх.


3. Цагдаагийн албаны үнэт зүйл, эрхэм
зорилго, уриа, бахархал

 

3.1. Цагдаагийн албаны үнэт зүйл нь “Эх орон, ард иргэддээ өргөсөн тангараг” байна.
          
3.2. Цагдаагийн албаны эрхэм зорилго нь “Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг” байна.

3.3. Цагдаагийн алба нь “Амар амгалан амьдралын төлөө хамтдаа” гэсэн уриатай байна.

3.4. Цагдаагийн албаны бахархал нь “Түүхэн уламжлал, хуримтлуулсан туршлага, туг, бэлгэ тэмдэг, цагдаагийн албаны цол, үнэмлэх, энгэрийн тэмдэг, дүрэмт хувцас” зэрэг байна.

 

4. Хөтөлбөрийн зорилго, зорилт

      4.1. Хөтөлбөр нь дараах зорилго, зорилтыг хэрэгжүүлнэ:

      4.1.1. сайн удирдлага зохион байгуулалт;
      
      4.1.2. мэргэшсэн үйл ажиллагаа;
      
      4.1.3. эрүүл, чадварлаг хүний нөөц;
      
      4.1.4. үр ашигтай төсөв, санхүү, хөрөнгө оруулалт;
      
      4.1.5. олон нийттэй харилцах.

 

5. Хэрэгжүүлэх арга хэмжээ

5.1. Сайн удирдлага зохион байгуулалт зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        
5.1.1. байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх;
         
5.1.2. цагдаагийн байгууллагад үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх;
         
5.1.3. хууль тогтоомжоор нууцад хамааруулснаас бусад асуудлаар ил тод, нээлттэй, тунгалаг байж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэний зөвлөл, олон нийтийн хяналтад оруулах;
         
5.1.4. цагдаагийн үйл ажиллагааг хууль сахиулах салбарын шинэчлэл, шүүх эрх мэдлийн болон нутгийн удирдлагын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэй нягт уялдуулан хөгжүүлж, хууль сахиулах, хуулийн хэрэгжилт, хариуцлагыг хангах ажиллагааг олон нийтийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх;
          

5.1.5. цагдаагийн албаны бүх шатанд эрх мэдэл, хариуцлагыг оновчтой хуваарилж, иргэдэд хүртээмжтэй, үр бүтэц, тогтолцоог нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг бие даан хөгжүүлэх бодлоготой уялдуулан бий болгож, Засгийн газраас тогтоосон жишгийн дагуу ажил, үйлчилгээ үзүүлэх;
         
5.1.6. цагдаагийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг тухай бүр, байнга, тасралтгүй ашиглаж “Цагдаагийн инноваци” төсөл хэрэгжүүлэх;
                     
5.1.7. гадаад орны цагдаагийн байгууллагын сайн туршлагаас ямагт суралцаж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
          
5.1.8. байгууллагын соёлыг (сэтгэл зүй, үзэл хандлага, туршлага, итгэл үнэмшил, үнэт зүйл, өнгө төрх) төлөвшүүлэх;
          
5.1.9. алба, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлтийг шинэчлэн тогтоож,  чиг үүргийн онцлог, ажлын ачааллыг харгалзан үр дүнгээр нь тооцдог тогтолцоог бүрдүүлэх.

5.2. Мэргэшсэн үйл ажиллагаа зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
                   
5.2.1. цагдаагийн албаны хууль сахиулах үйл ажиллагааг стандарт, арга зүй, аргачлалын дагуу явуулах;
       
5.2.2. цагдаагийн хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, шударга, тэгш, хараат бус байх хэмжүүрийг бий болгон дагаж мөрдөх;
        
5.2.3. мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа зөвхөн хууль ёсны, үндэслэлтэй, хангалттай нотлох баримтад тулгуурлах;
        
5.2.4. гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааны стратеги, тактик арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж, үйл ажиллагаанд ашиглах;
        
5.2.5. цагдаагийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх үйл ажилагааг технологийн хөгжилд тулгуурлан саадгүй, шуурхай зохион байгуулах;
        
5.2.6. цагдаагийн хууль сахиулах үйл ажиллагаанд хүний оролцоог багасган мэдээллийн технологийг нэвтрүүлж “Цахим цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлэх.

5.3. Эрүүл, чадварлаг хүний нөөц зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
        
5.3.1. “Эрүүл мэнд-цагдаа” төслийг хэрэгжүүлэх;       

5.3.2. “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх”  дэд хөтөлбөр  хэрэгжүүлэх;

5.3.3. цагдаагийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, үндсэн чиг үүргийн болон дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах хүний нөөцийн бүтцийн зохистой харьцааг бий болгох;

5.3.4. цагдаагийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолт, судалгаа, сонгон шалгаруулалт явуулах, томилох журмыг шинэчилж, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн, авьяас чадвартай, хүнлэг хүний нөөцийг бүрдүүлэх;

5.3.5. цагдаагийн алба хаагчийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг уялдуулан зохион байгуулж, давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бүсчилсэн сургалтын төвүүдийг байгуулах;

5.3.6. манлайлах чадвар бүхий цагдаагийн удирдах ажилтан бэлтгэх бодлого баримтлах;

5.3.7. ажлын байрны шаардлагыг бүрэн ханган ажиллаж байгаа алба хаагч, ажилтныг тогтвортой ажиллах, дэвших боломжоор хангаж, цагдаагийн албанд төрийн албаны чадахуйн (мерит) тогтолцоог төлөвшүүлэх;

5.3.8. цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн зөрчлийг олон нийтийн оролцоотой ёс зүйн хороогоор хэлэлцэж шийдвэрлэдэг болох;

5.3.9. цагдаагийн алба хаагч, ажилтныг өмч хөрөнгө, хуримтлалтай болох, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь цалин хөлсийг нэмэгдүүлэх, нөхөн олговор, даатгалд  хамруулах, мөнгөн урамшил, тусламж өгөх, амины орон сууцаар хангах зэрэг арга замаар бодитой хувь нэмэр, дэмжлэг үзүүлэх;

5.3.10. алба хаагч, ажилтны хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэх.

5.4. Үр ашигтай төсөв, санхүү, хөрөнгө оруулалт зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.4.1. төсөв, хөрөнгө оруулалтыг байгууллагын хөгжлийн стратеги, төлөвлөгөө, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний бодит хэрэгцээнд тулгуурлан үндэслэлтэй, оновчтой төсөвлөх;

5.4.2. санхүүгийн дотоод хяналтыг сайжруулж, шилэн дансны тогтолцоог хөгжүүлэх;

5.4.3. худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллах;

5.4.4. зардал, үр дүнгийн тооцоо, санхүүгийн шинжилгээг тогтмол хийж, үр ашиггүй зардал гаргахгүй ажиллах.

5.5. Олон нийттэй харилцах (үйлчлүүлэгч, хэрэглэгчтэй, маркетинг) зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.5.1. цагдаагийн байгууллагын үйлчилгээний маркетингийг залуучууд, насанд хүрээгүйчүүд зэрэг нийгмийн зарим төрлийн бүлэг рүү чиглүүлж, хууль сахиулах үйл ажиллагаанд тэдгээр бүлгээс хариу дэмжлэг авч ажиллах;

5.5.2. иргэд үйлчилгээ авах орон зай бий болгох,  үйлчилгээний нэгдсэн стандартыг хэрэгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор албаны нэг   загварын барилга байгууламж (ажлын байр)-тай болгож, орчин үеийн машин, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авч, гадаад өнгө төрхийг шинээр бий болгох;

5.5.3. цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар олон нийтэд эрэлт хэрэгцээтэй мэдээллийг судалж, харилцагч, үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэний санал, хүсэлтэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тэдний түгээмэл ашигладаг мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллээр туслах тогтолцоог бий болгох;

5.5.4. байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, харилцан ажиллагааны явцад байгууллагад шинээр нэвтрүүлсэн ажил, үйлчилгээний талаар сурталчилгаа явуулах;

5.5.5. олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн бусад эх сурвалжаас иргэдэд хүрч байгаа сөрөг мэдээллийг удирдах, хянах, нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах замаар  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

5.5.6. цэрэг, хүчний байгууллагын  тогтолцоонд суурилсан хуучин,  хэвшмэл хандлагыг өөрчлөн цагдаагийн үйл ажиллагааны маркетингийн удирдлагыг чанартай, шуурхай, соёлтой үйлчилгээг олон нийтийн итгэл, дэмжлэг, иргэний хяналтад тулгуурлан хөгжүүлэх.

 

6. Хугацаа, санхүүжилт

 

    6.1. Хөтөлбөрийг 2014-2019 онд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

            а) нэгдүгээр үе шат 2014-2017 он;

            б) хоёрдугаар үе шат 2017-2019 он.

    6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвөөс                               санхүүжүүлнэ.

 7. Удирдлага, зохион байгуулалт

         
7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг орон тооны бус зөвлөл удирдана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулах бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга ахална.

7.2. Хөтөлбөрийг Цагдаагийн ерөнхий газар, харьяа алба, төв, орон нутгийн цагдаагийн нэгж, алба хаагчид хэрэгжүүлнэ.

7.3. Хөтөлбөрийг үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, дэд хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. 

7.4. Хөтөлбөрийн зорилго, зорилт тус бүрийг чиглүүлэх баг, мэргэжилтний бүрэлдэхүүнийг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар сургаж, дадлагажуулсан байна.

 

8. Хүрэх үр дүн

     8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

     8.1.1. байгууллагын дотоод, гадаад соёл төлөвшинө;

     8.1.2. байгууллагын үнэт зүйл бий болно;

     8.1.3. боловсон хүчнийг сонгон шалгаруулж авах тогтолцоо шинэчлэгдэнэ;

     8.1.4. менежерийн сонголт, удирдах ажилтан бэлтгэх тогтолцоо  сайжирна;

     8.1.5. алба хаагчдын гадаад хэлний мэдлэг дээшилнэ;

     8.1.6. шинэ мэдээлэл олж авах, багаар хамтран ажиллах ур чадвар сайжирна. 

 

9. Эрсдэлийн үнэлгээ

9.1. Цагдаагийн төв байгууллагаас томилогдсон баг хөндлөнгийн судалгааны мэргэжлийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн биелэлтийг жил бүр шалгана.

9.2. Хууль зүйн яамнаас  2 жилд нэг удаа болон 2016  онд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөмж гаргана.

9.3. Цагдаагийн албаны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг энэ хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр жил бүр цагдаагийн төв байгууллагаас тодорхойлж, холбогдох стратегийг төлөвлөн чиглүүлэх ажлыг зохион байгуулна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2020-12-30
Эрэн сурвалжилж байна

Та манай вэб хуудасны